Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Банкны тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд хуульд зааснаас бусад “холбогдох этгээд”-ийг тодорхойлох эрх олгосон нь Улсын Их Хурлын хууль тогтоох онцгой бүрэн эрхэд халдсан эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

_DSC0508
Уг хуралдаанаар Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж дэх заалтад “Монгол банк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.”, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “… хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2016 оны 06 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН
ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ