Хууль тогтоомжийг албан ёсоор хэвлэн нийтлэх анхны алхам Богдын хаант засгийн газрын үед тавигдсан

Хууль тогтоомжийг хэрэглэх, сахин биелүүлэх, түүний биелэлтийг хангах, олон нийтэд таниулан сурталчлах, мэдээллээр хангах гол арга бол хэвлэн нийтлэх ажил юм.

Олноо өргөгдсөн Монгол Улсын үеийн гол хууль болох Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичгийг Богд хааны зарлигийн дагуу тусгай комисс эрхлэн 65 дэвтрээр зохион гаргаж, ингэхдээ Улсын дээд, доод хурлаар дэвтэр дэвтрээр нь хэлэлцэн баталж, хэвлэж эхэлсэн байдаг. Хууль тогтоомжийг албан ёсоор хэвлэн нийтлэх анхны алхам ийнхүү Богдын хаант засгийн газрын үед тавигдсан билээ.

1

1921 оны үеэс эрх бүхий төрийн байгууллагуудын хурлын шийдвэр, тэрхүү хурлаар батлан тогтоосон дүрэм журмуудыг “Уриа”, “Монголын үнэн” зэрэг сонинд хэвлэхийн зэрэгцээ тусгай дэвтэр болгон хэвлэн нийтэлж байв. Улсын анхдугаар их хурлаас хоёрдугаар их хурал хүртэл Бага Хурлын тэргүүлэгчид нийт 30 удаа хуралдаж энэ хооронд Сангийн явдлын яамны дүрэм, Аж ахуйн явдлын яамны дүрэм, Шүүн таслах газрын зөвлөлийн дүрэм, Эдийн засгийн зөвлөлийн дүрэм, Ой модны дүрэм, Дотоод явдлын яамны дүрэм зэрэг 20 гаруй дүрэм, тогтоолыг батлан тогтоосон байна.

2

       БНМАУ-ын хоёрдугаар их хуралд төлөөлөгч Жадамбаа “олон зүйлийн дүрмийг баталсан хэмээх нь эл дүрмийг хэвлэж нийтэлсэн эссэн, мөн олон ардууд эл гаргасан дүрмүүдийн учир утгыг бүрэн ухаж мэдсэн эссэн” хэмээн асууж байснаас үзвэл тухайн үед хууль тогтоомжийг хэвлэн нийтэлж, ард  түмэнд хүргэх, ухуулж таниулах зайлшгүй шаардлага байсныг нотлон харуулж байна. Энэхүү нөхцөл байдлын үүднээс Улсын хоёрдугаар бага хурлын дөрөвдүгээр тогтоолоор батлан тогтоосон хэд хэдэн дүрмийг Үндсэн хуулийн хамт нэг дэвтэрт багтаан бүгд хоёр түмэн хувь хэвлүүлж, нийтэд зарлан, нийтээр журамлан дагаж явуулахаар хэвлэлийн хороонд өгсөн боловч уг хэвлэлийн машин зэргийг хараахан сайжруулан гүйцэтгэж завдаагүй, мөн харилцан туслалцах хоршооноос гадаадаас захисан цаас ирж эс чадсан зэрэг шалтгаанаас боогдон саатаж хугацаандаа хэвлэгдэж чадалгүй хойшлогдож байсан удаатай ажээ. Улсын хоёрдугаар их хуралд илтгэсэн Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн илтгэлд Засгийн газрын хурлын тогтоол ба аливаа шинэчлэн тогтоосон хууль дүрэм зэргийг тусгай албаны сэтгүүл болгон сар тутам хоёр удаагаас доошгүй үлэмжхэн тоотой хэвлүүлэн нийтээр зарлан явуулж, журамлан дагаж явахад тус болгохоор Засгийн газрын хурлаар хэлэлцэн тогтсон боловч урьдах зүйлд дурдсан учир шалтгаанаас боогдон саатагдсаар хараахан үүсгэн явуулж чадаагүй бөгөөд одоо 16 дугаар он 1 дүгээр сараас эхлэн явуулахаар төлөвлөн буй гэжээ.3Ийнхүү албан ёсоор 1926 оноос
“БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл”-д тухайн үеийн хууль, дүрмүүдийг он дараалан хэвлэж эхэлсэн байна. Тус сэтгүүлийн анхны дугаарт Засгийн газрын нэгдүгээр хурлын тогтоолын зургаан зүйл, Улсын цагдан сэргийлэх газрын дүрэм далан гурван зүйл, Түр цагийн шүүх таслах газрын дүрэм хорин зүйл, Шинэчлэн тогтоосон шүүх цаазын бичгийн ерөнхий анги долоон бүлэг, дөчин зүйл, Улс төрийн хэрэгт холбогдох этгээдийг шүүх таслах түр хурлын дагаж явах заавар, Хянан байцаах яамны дүрэм зэрэг тухайн үеийн шинэ тутам батлагдсан дүрэм хэмжээнүүд нийтлэгдсэн байна.

1930 оны 8 дугаар сарын 15-нд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын эрхлэх товчоо хуралдаж “Хууль, дүрмүүдийг нэгэн мөр дагаж гүйцэтгэх тухай” тогтоолыг гаргажээ. Уг тогтоолд “Засгийн газрын албаны сэтгүүлд хэвлүүлэн нийтлэсэн буюу тусгай зарласан Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Засгийн газруудаас батлан тогтоосон аливаа хууль, дүрмүүдийг аймаг, хотын ба хошуудын төв, орон нутгийн захиргааны газруудад уул сэтгүүл буюу мөн тусгай зарласан хуулиудыг хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонд тооцож дагаж хэрэглэх, аливаа нийтлэсэн хууль, тогтоол, тушаалуудын дотор тухай бүр дагаж хэрэглэх хугацааг заасан бол даруй зохих газруудаас уул хугацааг баримтлан дагаж гүйцэтгэх, аливаа нийтлэсэн хууль, тогтоол, тушаалд тухай бүр дагаж хэрэглэх явдлыг цахилгаан мэдээгээр уламжлан гүйцэтгээгүй хэмээн заасан зүйл байвал орон нутгийн захиргааны газруудад уул мэдээг хүлээн авсан цагаас эхлэн хүчин төгөлдөр болсонд тооцож гүйцэтгэх, нийтлэн зарлахгүйгээр шийтгэн гаргасан аливаа тогтоолуудыг зохих газруудад хүлээн авсан цаг үеэс эхлэн ёсоор дагаж гүйцэтгэх” эрх зүйн зохицуулалтыг зааж өгчээ.

4

“БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл” 1926-1930 он хүртэл нийт тавин долоон дугаар гарсан бөгөөд 1931 оноос хойш “Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн Газрын хуулиуд хийгээд тушаалуудыг эмхтгэн хавсруулсан сэтгүүл”, 1940-өөд оноос 1970 он хүртэл “БНМАУ-ын Хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл”, 1971 оноос 1990 он хүртэл “БНМАУ-ын Хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл”, 1991 оноос “Төрийн мэдээлэл” эмхтгэл нэрээр тогтмол нийтлэгдэж ирэв.

1941-1946 он хүртэл “Улсын Бага хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан хууль, дүрэм, тогтоолуудын эмхтгэл”, мөн 1941-1943 онд “Улсын бага хурал, Засгийн газраас гаргасан хууль, дүрэм, тогтоолуудын эмхтгэл”, 1946 оноос “БНМАУ-ын Засгийн газрын эмхтгэл” болон “БНМАУ-ын хууль дүрэм, тогтоолын эмхтгэл”-үүд нь зэрэгцэн гарч байв. 1967 онд хэвлэгдсэн ном зүйн лавлах-д дээр дурдсан гурван өөр эмхтгэлүүдийг ялган салгалгүйгээр нийтэд нь “Хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл” хэмээн товчлон нэрлэж, ном зүйн

лавлагаа, бүртгэлийг үйлджээ. 5Угтаа “Улсын Бага хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан хууль, дүрэм, тогтоолуудын эмхтгэл”, “Улсын бага хурал, Засгийн газраас гаргасан хууль, дүрэм, тогтоолуудын эмхтгэл”, “БНМАУ-ын хууль дүрэм, тогтоолын эмхтгэл” гэсэн гурван өөр нэртэй сэтгүүл бөгөөд эхний хоёр сэтгүүлийн 1946 оноос хойш гарсан дугаарыг бид хараахан олж үзэж чадсангүй. Эл үеэс хойш уг хоёр сэтгүүл гараагүй бололтой. Ямартай ч 1946 оноос “БНМАУ-ын хууль дүрэм, тогтоолын эмхтгэл” нь “Төрийн мэдээлэл” сэтгүүл гарах хүртэл тасралтгүй үргэлжлэн хэвлэгдсэн байна.

1971 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Хууль, зарлиг, тогтоолыг хэвлүүлэх ажлыг журамтай болгох тухай” БНМАУ-ын СнЗ-ийн 291 дүгээр тогтоолоор “БНМАУ-ын Хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл”-ийг 1971 оноос эхлэн “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл” болгож,6 сар тутам гаргаж байхаар заасан бөгөөд “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл”-д БНМАУ-ын хууль, эрхийн хэм хэмжээ тогтоосон Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хавсарсан тогтоол, Сайд нарын Зөвлөлийн тогтоолыг албан хэрэгцээнд зориулан нийтлэх, уг эмхтгэлийг яам, тусгай газар, хоршоолол, олон нийтийн төв байгууллага, аймаг, хотын намын хороо, гүйцэтгэх захиргаадын жил бүрийн захиалгыг үндэслэн шаардагдах тоогоор хэвлүүлэх, БНМАУ-ын нутаг дэвсгэрт байгаа гадаад улсын байгууллага, иргэдийн зайлшгүй мэдэж, дагаж мөрдвөл зохих зарим хууль, зарлиг, тогтоолыг орос хэлээр орчуулан дангаар буюу тусгай эмхтгэл болгон хэвлүүлж холбогдох яам газруудад тараах ажлыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хууль цаазны хороо эрхлэн хариуцаж байхаар тогтоожээ.

7

1990 онд ардчилсан хувьсгал өрнөж улс орон ардчилсан дэглэм, зах зээлийн харилцаанд шилжсэнээр Үндсэн ба бусад хууль, тэдгээрийг дагалдсан дэд акт нэлэнхүйдээ шинэчлэгдэн өмнөх эмхтгэлүүд түүх, соёлын өв болон үлдэв. Хөгжлийн шинэ үеийн  хууль, зарлигуудын албан ёсны эхийг 1991 оны эхнээс “Төрийн мэдээлэл” албан сэтгүүлд он дараалан нийтэлж ирснээс гадна хууль, Улсын Их Хурлын бусад  шийдвэрийг Улсын Их Хурлын эрх олгосноор Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний төв цуврал маягаар, мөн сэдэвчилсэн байдлаар эмхтгэн хэвлэж олон түмэнд түгээж ирэв.

БНМАУ-ын Бага хурлын тухай хуульд “БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр болох, тэдгээрийг нийтлэх журам”-ын талаар заасан бөгөөд үүнд тус хуулийн 24 дүгээр зүйлд БНМАУ-ын хуулийг батламжлагдсанаас нь, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийг батлагдсанаас нь хойш Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга зөвшөөрснөөр 3 хоногийн дотор “Ардын эрх” сонинд нийтэлнэ. БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэр нь тэдгээрт тухайлсан хугацаа заагаагүй бол “Ардын эрх” сонинд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж мөн хуулийн 25 дугаар зүйлд БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийг нийтлэх талаар зохицуулсан бөгөөд БНМАУ-ын хууль, Улсын Бага, Хурлын бусад шийдвэрийн эхийг Улсын Бага Хурлын Тамгын газар эрхлэн “Төрийн мэдээлэл” сэтгүүлд болон “Ардын эрх” сонинд нийтлэх, энэхүү сонин болон сэтгүүлд нийтлэгдсэн хууль, бусад шийдвэрийг албан ёсны эх гэж тооцож байх тухай зохицуулсан байна.
8

1991 оноос өмнө “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл”-ийг зөвхөн албан хэрэгцээнд зориулан гаргаж байв. Энэ нь иргэд хуулийг уншиж судлах, мөрдөж хэрэгжүүлэх өргөн бололцоо олгохгүй байна гэж Улсын Бага Хурал үзээд “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг тогтмол гаргахаар шийдвэрлэж улмаар БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийн эхийг Улсын Бага Хурлын Тамгын газар эрхлэн, “Төрийн мэдээлэл” сэтгүүл болон “Ардын эрх” сонинд нийтлэхээс гадна товхимол болгон хэвлүүлж болохыг хуульчилсан байна.

Энэ дагуу Улсын Бага Хурлын даргын 1991 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар захирамж гарч, уг захирамжаар төрийн хууль, тогтоолыг бүрэн эхээр нь хэвлэн нийтлэх зорилгоор  “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газраас эрхлэн сар тутам, анхны дугаарыг туршилтын журмаар 10000 ширхэг хэвлүүлж түүнийг мэдээлэх зорилгоор 5000 ширхэгийг Ардын Их Хурлын Депутат, Бага Хурлын гишүүд, улс, нам, олон нийт, хоршооллын төв байгууллагууд, номын сангуудад жагсаалтаар үнэгүй тарааж үлдсэн хэсгийг холбоо номын худалдааны байгууллагуудаар дамжуулан худалдах, түүнчлэн “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг 1991 оны 3 дугаар улирлаас нийтийн захиалгад оруулах ажлыг эхлүүлэхээр уг зарлигт заажээ.