2024-08-16

Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох сонгуульд авсан байх саналын хувь, суудал хуваарилах зарчимд холбогдох маргаан үүсгэлээ

Нэр бүхий иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох сонгуулийн дүн гаргах асуудлыг зохицуулсан 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар дараах байдлаар өөрчлөн найруулсан байна:

“74.2.Дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна: 

74.2.1.энэ хуулийн 4.3.1-д заасан тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх; 

74.2.2.намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх; 

74.2.3.хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх; 

74.2.4.гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх.”


Мөн зүйлд дараах 74.3 дахь хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн байна:

“74.3.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана:

74.3.1.санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаалт гаргана; 

74.3.2.энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвслийн авсан саналын хувь болон нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хувь хоорондын зөрүүг энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно;

74.3.3.энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан хувиудын нийлбэрийг 48-д хувааж нэг суудалд ногдох саналын тоо, хувийг тооцож гаргана;

74.3.4.энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг энэ хуулийн 74.3.3-т заасны дагуу тооцож гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж, Улсын Их Хурлын гишүүний 48 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилна; 

74.3.5.энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжид бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэлтэйгээс нь эхлэн нэг нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилж дуусгана; 

Тайлбар: “хуваарилагдаагүй суудал” гэж энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нам, эвслийн авсан саналын бүхэл хэсэгт нь ногдох суудал хуваарилахад суудал хуваарилагдаагүй үлдсэн, мөн нам, эвслийн авсан саналд ногдох суудлын тоо нь тухайн нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшигчийн тооноос их тооцогдсоны улмаас суудал хуваарилагдаагүй үлдэхийг ойлгоно. 

74.3.6.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.”